Үр дүнд суурилсан сургалтын CDIO стандарт, арга зүйг амжилттай нэвтрүүлсэн гэж талууд дүгнэлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Ж.Хатанбаатар Сингапурын Темасек сангийн нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Станли Лийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайдын зөвлөх Ж.Хатанбаатар Монгол Улсын их дээд сургуулиуд CDIO арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Сингапурын Темасек санд  талархал илэрхийлж, энэ хөтөлбөрийн чанар, стандартыг улам бэхжүүлэхэд  үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Үр дүнд суурилсан арга зүй буюу CDIO хөтөлбөрийг Азийн зарим улсад хэрэгжүүлдэг ч Монгол улсад илүү үр дүнтэйгээр хэрэгжиж чадлаа. Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны бодлогын дэмжлэг том нөлөө үзүүлсэн хэмээн үзэж буйгаа ноён Станли Ли дурдлаа.

БСШУСЯам Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2015 оноос “Үр дүнд суурилсан сургалтын CDIO стандарт, арга зүйг” ШУТИС, ХААИС, МУИС-ийн 5 хөтөлбөрт нэвтрүүлэн, 2018 оноос “Ахисан түвшний CDIO” арга зүйг төрийн өмчийн 6 их сургууль ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС-д нэвтрүүлж дуусаад байна. Төслийн хүрээнд дээрх сургуулиуд Сингапурын Темасек сан, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын политехникийн экспертүүдээс арга зүйн цуврал сургалтуудыг авч мастер багш нарыг бэлтгэн, хөтөлбөрүүдээ шинэчлэх ажлуудыг хийгээд байна.

CDIO стандарт арга зүйд ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС-ийн 120 багшийг сурган, CDIO-ийн 52 мастер багш бэлтгэж, Боловсролын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчныг загварчлах, үнэлгээ хийх, сургахуйн арга зүйд их дээд сургуулийн 3000 орчим профессор багшийг сурган, багшлах боловсон хүчнийг чадавхижуулаад байна.

Үр дүнд суурилсан арга зүйн хөтөлбөрөөр суралцсан оюутнуудын идэвх сайжирч, суралцах сонирхол нэмэгдэн, дадлагажих боломж бүрдсэн, тэдний амжилт ахисан зэрэг үзүүлэлт нь энэхүү арга зүйн үр дүн гэдгийг талууд онцоллоо.

Түүнчлэн CDIO арга зүйг нэвтрүүлэхдээ сургалтын орчны шинэчлэлт, шинэ арга зүй, технологийг судлах, нэвтрүүлэх, тогтворжуулах чиглэлээр олон үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлжээ.