Түүхэн товчоо

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овооДэмбэрэлШовдолБаян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.

Халзан сумаас Хөдөлмөрийн баатар 4, төрийн шагналтан 4, ардын цолтон 6, гавьяат цолтон 40, улсын аварга, сайн малчин 28, улсын манлай уяач 2, алдарт уяач 11, аймгийн алдарт уяач 160, төр нийгмийн зүтгэлтэн 27 төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.

1924 оны Засгийн газраас Дарьгангын нутгийн захиргааны дүрмийг баталсаны дагуу 1925 оны хавар Засгийн газрын төлөөний түшмэл Тардадын удирдлагын дор Дарьгангын таван гар сүрэгчнийг хаад ноёдын нэрээр үе залгамжлан нэрлэж байсан хошууны нэрийг өөрчлөн газар усны нэрээр нэрлэх болж Бадрах, Баянуул, Баянбулаг, Баяндөхөм, Баяндулаан, Ганжуур булаг, Их уул, Монгол уул, Молцог элс, Нарт уул, Элстэй, Өлзий товгор, Таван уул, Тагшин булаг, Цогбаян, Эрдэнэ, Өлзийт, Эрдэнэ уул, гэж 18 сум болгон зохион байгуулахад, зүүн гар адуучны баруун хэсгийг Цогбаян сум /одоогийн Халзан/ хэмээн нэрлэх болжээ. Сумын төв нь 1925 оноос Цогбаянд, 1931 оноос Хар аманд, 1932 оноос Халзан шанданд, 1939 оноос Хатавчийн хийдийн суурин дээр байрласан байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07 ны өдрийн 5 дугаар тогтоолоор хуучин засгийн үеийн хошуудыг татан буулгаж сумдыг томруулан 13 аймгийг шинээр байгуулах зэргээр орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулав. Энэ өөрлөлтөөр Хан хэнтий уулын аймгийг Дорнод, Хэнтий 2 аймаг болгон Дарьгангын хошууны сумдыг Дорнод аймагт харьяалуулав. Дорнод хэнтий аймгууд олон сумдтай хязгаарын сумдтай холбоо барьж удирдах явдал бэрхшээл төвөгтэй, нөгөө талаар үндсэн байгууллагуудыг ард түмэнд улам ойртуулах шаардлагатай байлаа. Ингээд 1942 онд Хэнтий аймгаас 5, Дорнод аймгаас 10 бүгд 15 сумтайгаар Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдах үед тус сум харьяалагдав. Аймгийн нэрийг 1942 оноос Ардын хувьсгалыг үндэслэгчдийн нэг Д.Сүхбаатарын нэрээр нэрлэх болсон билээ. 1959-1990 он хүртэл тухайн сум оршин тогтнохын үндэс нь ХАА-н нэгдлүүд болж, хүн эмнэлэг, мал эмнэлэг, сургууль, соёлын төв, цэцэрлэг, холбоо зэрэг нь үндсэндээ нэгдлийн гишүүд тэдний гэр бүлийнхэнд зориулж үйл ажиллагаа явуулж байв.

ХАЛЗАН СУМЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

1924-1933 он 1936-1938 онд:Мэндийн Доной
1926 он: Шагдарын Сэрээтэр
1927-1929 он: Батын Чойжин
1934 он: Баярын Нүржав
1935 он: Минжүүрийн Мөнгөө
1936-1937: Пяранлайн Цэрэндаш
1939 он: Нацагийн Балданшавиар
1940-1946: Түмэнгийн Лувсаншарав
1947 он: Будын Шарав
1948-1951 он: Дуламын Балдан-Осор
1948 он: Далантайн Цэвэгсүрэн
1951-1959 он: Чойдорын Дамдинсүрэн
1959 он: Адъяагийн Жамсранжав
1959-1962он: Балдангийн Мантай
1962-1969 он: Чулууны Дамдинсүрэн
1969-1972 он: Раднаагийн Өлзийбаяр
1972-1987 он: Самданжамцын Мажигсүрэн
1987-1990 он: Луузангийн Чулуунбаатар
1990-1992 он: Балжирын Борхүү
1992-2008 он: Моононгийн Баатарсүх
2008-2012 он: Борын Гүрнээжав
2012-2014 он: Моононгийн Өлзийсайхан
2014-2016 он: Гомбосүрэнгийн Цээмаа
2016-2020 он: Агваанренчингийн Отгонбаатар
2020 оноос одоог хүртэл: Гонгорын Алтансүх

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор төрийн удирдлагыг суманд Засаг дарга түүний Тамгын газар хэрэгжүүлэх болсон билээ.