Дотоод журам /ЭМТ/

Сүхбаатар аймгийн Халзан сумын эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам

Хатавч                                                                                                              2019 он

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын зорилт нь хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч захиргаа, ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах,  урамшуулах, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Эрүүл мэндийн төвийн хөдөлмөр зохион байгуулалтыг зохицуулах хууль тогтоомж нь “Төрийн албаны тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Эмнэлгийн тусламжийн тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж байна. Эрүүл мэндийн төвийн дарга нь дотоод журамтай холбогдох бусад асуудлыг хуулийн хүрээнд зохих шийдвэр гарган зохицуулж болно.

1.3 Эрүүл мэндийн төвийг гадаад, дотоодод эрүүл мэндийн төвийн дарга, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар эрх бүхий албан тушаалтан төлөөлнө.

Хоёр. Эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын эрх, хэм хэмжээ

2.1 Эрүүл мэндийн төвийг эрүүл мэндийн төвийн дарга тэргүүлнэ. Эрүүл мэндийн төвийн дарга нь эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

2.2 Эрүүл мэндийн төвийн даргыг түр эзгүйд албан үүргийг түүний даалгаснаар удирдлагын багийн гишүүд хамтран гүйцэтгэнэ. Эрүүл мэндийн төвийн даргын эзгүйд гаргасан шийдвэрээр даргад танилцуулах бөгөөд тухайн шийдвэрийн хууль, эрх зүйн үр дагаврыг удирдлагын баг хариуцна.

2.3 Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийг эрүүл мэндийн төвийн даргын шийдвэрээр томилох бөгөөд байгууллагын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг удирдлагын багийн хурлаар хэлэлцэн, даргын тушаалаар баталгаажуулан ажиллана.

Гурав: Ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах

3.1 Эрүүл мэндийн төвийн дарга төрийн үйлчилгээний албан тушаалд ажилтныг томилохдоо “Хөдөлмөрийн тухай” хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадвараар нь нээлттэй сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ.

3.2 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг удирдлагын багийн гишүүдийн судлан танилцсаны үндсэн дээр даргын тушаалаар томилж даргын тушаалаар томилж, чөлөөлж, хална.

3.3 Удирдлагын баг нь ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг цалингийн хэмжээ зэрэг гэрээний гол нөхцлийг танилцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай эсвэл хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулж, гарын үсгээр баталгаажуулна. Хөдөлмөрийн гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Захиргаа бичгээр байгуулсан гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.

3.4 Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тусгана.

а/ ажлын байрны буюу албан тушаалын нэр

б/ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг

в/ үндсэн цалин буюу албан тушаалын цалин, нэмэгдэл, урамшууллын хэмжээ

г/ хөдөлмөрийн нөхцөл

д/ ажлын цаг

е/ гэрээний хугацаа

Иргэнийг төрийн албан тушаалд томилох болон ажилд авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

а/ иргэний үнэмлэх

б/ нийгмийн даатгалын дэвтэр

в/ мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь

г/ төрийн албан хаагчийн анкет

д/ хувийн өргөдөл

е/ өөрийн намтар

ё/ урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт

з/ 4х6 хэмжээтэй 3 хувь цээж зураг

3.5 Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн даатгалын ба эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө.

3.6 Төрийн үйлчилгээний ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлана. Захиргаа нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх, халах тухай шийдвэрт тусгана. Ажлаас халсан, чөлөөлсөн шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой тусгана.

3.7 Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг төвийн даргын шийдвэрээр байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын гишүүдийг байлцуулан шинээр ажилд орж буй ажилтанд, хэрвээ ажил хүлээн авах ажилтан томилогдоогүй бол тэмдэглэл үйлдэж зөвхөн ажил хүлээлцэх комиссын гишүүдэд хүлээлгэн өгнө.

3.8 Захиргаа нь ажлаас, чөлөөлөгдөж, халагдаж буй ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг хүлээлгэн өгнө.

3.9 Хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө захиргаа нь ажилтантай харилцан тохиролцож, гэрээг цуцлах буюу хугацаагүй гэрээ болгон өөрчилж болно. Хэрэв хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

Дөрөв: Эрүүл мэндийн төвийн удирдлага, ажилтны эрх, үүрэг

4.1 Удирдлага нь дараахь эрх эдлэж, үүрэг хүлээнэ.

4.1.1 Ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах тавилга, техник, тоног төхөөрөмжөөр хангана.

4.1.2 Ажилтны хөдөлмөрийг оновтой зохион байгуулах, тэдний мэдлэг, мэргэшил ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

4.1.3 Ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангах, өрөө тасалгааны ая тухтай байдлыг сайжруулах арга хэмжээ авна.

4.1.4. Цалин хөлс урамшууллыг тогтоосон хугацаанд нь тавьж олгоно.

4.1.5 Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина. /уг журамтай холбогдуулан тусгайлан боловсруулсан журмаар/

4.1.6 Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

4.2 Эрүүл мэндийн төвийн ажилтан дараахь үүргийг хүлээж, эрхийг эдэлнэ.

4.2.1 Ажилтан нь өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчид тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллана.

4.2.2 Ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, удирдах, удирдуулах ёсыг чанд баримтлан ажиллана.

4.2.3 Ажилтан нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд сахиж, мөрдлөг болгон ажиллана.

4.2.4 Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга гарган, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж ажиллана.

4.2.5 Эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгана. .

4.2.6 Албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг тухайн жил батлагдсан хөтлөх хэргийг нэрийн жагсаалтын архивт шилжүүлж байна.

4.2.7 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, халдвараас сэргийлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль дүрэм журмыг сахин биелүүлнэ.

4.2.8 Ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлийг ахиулах, ажиллах нөхцөл нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг удирдлагад амаар буюу бичгээр уламжлах эрхтэй.

4.2.9 Өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэлгээ зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх эрхтэй.

Тав. Ажил амралтын цагийн горим

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүлйин 70.1 дэх хэсгийг үндэслэн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын 7 хоногийн ажлынн нийт цагийн хэмжээ 40 цаг, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Амрах, хооллоход зориулан өдөрт 1 цагийн завсарлага олгоно.

5.2 Ажлын цагийн ашиглалтад тусгай журмаар хяналт тавих бөгөөд ажилтанд өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн цалинтай болон цалингүй чөлөө олгож болно.

5.3 Ажилчдын ээлжийн амралтын хуваарийг ажилтнаас ирүүлсэн саналыг үндэслэн удирдлагын баг хэлэлцэн шийдвэрлэж жил бүрийн нэгдүгээр сард багтаан эрүүл мэндийн төвийн даргаар батлуулна. Ажилтны ээлжийн амралтын хугацааг “Хөдөлмөрийн тухай” хуулийн 79 дүгээр зүйл болон “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дэх заалтыг тус тус үндэслэн тогтооно.

5.4 Ээлжийн амралт хоорондын хугацаа 6 сараас доошгүй байх бөгөөд эрүүл мэндийн төвийн даргын баталсан хуваарийн дагуу ээлжийн амралтын мэдэгдлийг “Ээлжийн амралт олгох тухай” мэдэгдлээр ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож байна.

5.5 Удирдлагын санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан ажилтныг илүү цагаар ажиллуулж болно. Ажилтныг илүү цагаар түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд уг ажилтантай тохиролцсоноор өөр өдөр нөхөн амруулах, эсвэл уг амралтыг ээлжийн амралттай нь хамтатган нэмж олгож болно. Хэрэв нөхөн амруулах боломжгүй бол “Хөдөлмөрийн тухай” хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу илүү цагийн хөлсийг тухайн сард нь бодож олгоно.

5.6 Нийтээр амрах баярын өдрүүдэд удирдлагын шийдвэрээр ажил, үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд илүү цагийн хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бодож олгоно.

5.7 “Хөдөлмөрийн тухай” хуулийн 103, 105, 106 дугаар зүйлийн дагуу ажилтан эх /ганц бие эцэг/-д хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага, хүүхэд асрах чөлөө, мөн хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар ажилтан эхэд жирэмсний ба амаржсаны амралт олгоно.

Зургаа. Цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн асуудал

6.1 Монгол улсын Засгийн газраас тогтоосон цалингийн жишигтэй уялдуулан ажилтны үндсэн цалинг тогтоож сард нэг удаа олгоно.

6.1.1 Төрийн үйлчилгээний ажилтанд албан тушаалын цалинтай хамт мэргэшлийн зэргийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл зэргийг хууль тогтоомжийн дагуу олгоно.

6.1.2 Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу орлон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг давхар гүйцэтгэсэн тохиолдолд тухайн ажилтантай тохиролцон, удирдлагын шийдвэрээр үндсэн цалингийн 40 хүртэл хувиар тооцон сар бүр нэмэгдэл олгож болно.

6.2 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сар бүрийн төлөвлөлт, тайлагналт, хагас жилийн болон жилийн эцсийн тайлагналтад үндэслэн дүгнэж, ур чадварын болон улирлын үр дүнгийн урамшуулал олгож, шагналд тодорхойлж болно. /Засгийн газрын тогтоол дээр үндэслэн боловсруулсан тусгай журмаар/

6.3 “Төрийн албаны тухай” хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаагаар хангахаас гадна 59 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөрийг олгоно.

6.3.1 Эрүүл мэндийн төвийн ажилтанд дараахь нөхөх төлбөрийг олгоно.

а/ албан томилолтын зардал

б/ албан ажлын хэрэгцээнд хувийн унаа хэрэглэсэн тохиолдолд батлагдсан нормативын дагуу гарсан зардлыг

6.3.2 Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол Засгийн газрын тогтоолын дагуу 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй нэг удаагийн буцалтгүй тусламжийн олгоно.

6.3.4 Албан үүргээ гүйцэтгэж яваад ажилтны амь нас хохирсон тохиолдолд 60 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.

6.3.5 Төрийн хөрөнгөөр 6 хүртэлхи сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах

6.4 Ажлын өдөр бүр 1000 төгрөгөөр тооцон хоолны мөнгийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу сард нэг удаа олгоно.

6.5 “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангана.

6.5.1 Эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно.

6.5.2 Ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах бөгөөд гарах зардлыг эрүүл мэндийн төвөөс даана.

6.6 Ажилтанд дэмжлэг, тусламж, хүндэтгэлийг “Хуримтлалын дотоод журам”-ын дагуу үзүүлнэ. 

6.7 Ажилтанд жил бүрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 6 дугаар сарын 1, шинэ жилийн баяруудад тус бүр бэлэг гардуулна.

Долоо. Бусад

7.1 Энэхүү журамтай уялдуудан дараахь журмуудыг гаргах бөгөөд мөн журмын адил батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

а/ Дундын сангийн журам

б/ Сахилгын шийтгэл оногдуулах журам

в/ Ажлын цаг ашиглалтад тавих хяналтын журам

г/ Ур чадварын нэмэгдэл олгох болон үр дүнгийн урамшуулал олгох журам

7.2 Энэхүү журам нь байгууллагын даргын тушаалаар баталгаажсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Найм. Хариуцлага

8.1 Тус журмын зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд “Хөдөлмөрийн тухай”, “Төрийн албаны тухай” хуулийн дагуу шийтгэл оногдуулах бөгөөд хэрвээ гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох байгууллагад нэн даруй уламжилна.